Saturday, April 20, 2013

ХУЛАНГОО ХАТАН


ХУЛАНГОО ХАТАН

Сүмбэ Хамба Ишбалжир "Галбирвасан мод" хэмээх бүтээлдээ "Чингис хаан 31 насан дээрээ Солонгосын Чаган хааныг эрхэндээ хураах бөгөөс түүний охин Хулангоог хатан болгон авсан" гэжээ. "Алтан товч"-ийн 114-р талд "Чингис хаан наран ургах зүг Солонго улсад аялж очтол Үнэн мөрөн үерлэж Солонгуудын Буха цагаан хаан өөрийн Хулан нэрт охиноо өгөн өргөж барс гэрт Буха Солонго хоёр отог инжтэйгээр онгоцоор авчирав" гэж тэмдэглэжээ. Харин түүхч Саган сэцэн "Эрдэнийн товч" хэмээх түүхийн зохиолдоо "Солонгос (Солон барга) мэргэдийн Дайр-усаны Хулангоо нэрт охин" гэж бичсэн нь зөв болно.

Энэ тухай "Монголын нууц товчоо"-нд "Мэргид иргэнийг эзлэхэд Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр- Усун гэгч хүн "байлдах саналгүй гэж" өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнтой Дайр-Усүн учирч: "Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна" гэвэл, Наяа ноён "Охиныг чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт, тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хүлээ" гэжээ. Тэндээс Наяа ноён Дайр-Усүн хоёр Хуланыг авч Чингис хаанд хүргэв. Наяа ноён Хуланыг гэртээ гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш их хилэгнэж: "Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал Хулан: "Надад Наяа ноён хэлсэн нь: Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт бараалхаж очъё. Замын зуур цэргүүд самуурах болзошгүй." гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш үү. Харин энэ Наяа ноёнтой учирсан нь сайн боллоо. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй" гэжээ. Чингис хаан Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул: "Үнэн үгтэй”шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая" гэж өршөөж соёрхов" хэмээн өгүүлсэн байдаг. Хулан хатан Чингис хаанд ирсэн түүх ийм болой. Хулан гүнж төрөлхийн сэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн ариун нандин тул Чингис хаан түүнийг соёрхон таалжээ. Төрийн их хатан Бөртэ ч түүнийг таалан:

"Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм

Эрхийгээ чинэтэл намнахаа

Эзэн минь мэдэх буй за,

Энэ их улсад

Эмс охид олон гэнэм

Эрэн аваачихыг

Эзэн минь өөрөө мэднэм зээ" хэмээсэн байдаг.

Ийнхүү Хулангоо хатан энэ үеэс их хатан Бөртийн удаах байрыг эзлэн суух болжээ. Сайрхээрийн Харилду нэрт газар Чингис хаан тусгай орд өргөө байгуулсан ба түүнийг эрхлэж байсан нь Хулан хатан ажээ. "Алтан товч"-д Солонгодын барс орд", "Юань улсын түүхнээ: Хоёрдугаар орд" гэж тус тус тэмдэглэсэн байх юм. Чингис хаан Хулан хатнаа Бөртээс дутуугүй хайрлан, халамжилж эрхэмлэж байсан бөгөөд хожим нь эзнийг таалал төгсөхөд Сенидийн Гэлүгүтэй баатарын харууслын шүлэгт: "-Хувилгаанаар учирсан Хулан хатан чинь" хэмээн Бөртэ цэцэн хатны нэгэн адил түүнийг онцгойлон дурьдсан байдаг. Хулан хатан эзнээс Хөлөгөн нэрт хүү, Хөлүгэ нэрт гүнж төрүүлж, Чингис хааны дэргэд байж, Баруун зүг Сартуул иргэнд дайлаар мордоход дагуулж явсан гэх бөгөөд энд нас нөхцсөн тухай зарим нэг зохиолд цухас тэмдэглэсэн байдаг.

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...