Tuesday, April 23, 2013

БӨРТЭ ҮЖИН



Хонгирад аймгийн хүн. 1161 онд  Дэй Сэцэний гэрт төржээ. Чингис хааны эш хатан болох юм. 1170 онд Есүхэй баатар Тэмүүжинийг 9 настай байхад Өүлэн эхийн төрхөм Олхонууд аймагт нагац нараас нь бэр гуйя хэмээн Тэмүүжинийг дагуулж явах зуур Цэгцэр Чихургугийн хооронд Дэй Сэцэнтэй уулзав. Дэй Сэцэн "Есүхэй худ хаана очихоор явж байна вэ?" гэж асуув. Есүхэй баатар "Миний хөвгүүний нагац болох Олхонуд аймгаас бэр гуйхаар явж буй" гэж асуув. Дэй Сэцэн: "Есүхэй худаа, энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүүхэд байна. Би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв
. Цагаан шонхор наран саран хоёрыг атган нисэн ирээд миний гар дээр суув. Наран саран хоёрыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар сарыг шонхор атган ирж миний гар дээр суув. Ямар сайн баяр тохиолдох болдоо гэж бусдад хэлж билээ. Есүхэй чи хөвгүүнээ дагуулан ирсэн чинь хараахан миний зүүдний тайлал болов. Ямар сайхан зүүд вэ? Таны хиадын сүлд ирж зүүд өгсөн ажээ. Манай гэрт очьё. Надад өчүүхэн охин буй худ үзтүгэй!" гэж Дэй Сэцэн Есүхэй баатарыг дагуулан гэртээ аваачив. Есүхэй баатар охиныг үзвээс нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай тул санаанд нь нийцэв. Нэр нь Бөртэ гэдэг, арван настай. Тэмүүжинээс нэг нас ах ажээ. Есүхэй баатар тэнд хоноод маргааш нь охиныг гуйсанд Дэй Сэцэн: "Олонтаа гуйлгаж өгвөөс эрхэмлэгдэх, цөөхөн гуйлгаж өгвөөс доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа нь төрсөн үүдэд өтлөх үгүй тул охиноо өгсүгэй. Чи хөвгүүнээ хүргэн болгохоор манайд үлдээ" гэв. Есүхэй баатар: "Би хүүгээ танайд орхиё". Манай хүү нохойноос айдаг юм. Худ та хөвгүүнийг минь нохойноос битгий цочоо!" гэж хөтөлгөө морио бэлэг болгон өгч ураг тогтоогоод нутгийн зүг буцаж явав. Тэгээд зам зуураа Татар аймагт хорлогдсон тул тэмүүжин ч Дэй Сэцэнийд тийн удсангүй гэртээ буцжээ. 1178 онд Тэмүүжин дүү Бэлгүдэй дагуулж Дэй Сэцэнийхийг эрэхээр Хэрлэн мөрөн рүү явав. Тэгэхэд Дэй Сэцэний Хонгирад аймгийнхан Цэгцэр Чихаргу хоёрын хооронд нутаглаж байв. Дэй сэцэн Тэмүүжинийг үзээд ихэд баярлаж "Ах дүү Тайчууд чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний төлөө сэтгэл зовсоор цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзсан болохоор охиноо өгье" гээд Бөртэ Үжингээ ураглан өгөв. Тэгээд Дэй Сэцэн хүүхнээ хүргэж Хэрлэн мөрний Орог цөл нуга хүрээд зам зуураасаа буцав. Дэй Сэцэний гэргий Цотан охиноо үргэлжлүүлэн хүргэж Тэмүүжиний нутаглаж байсан Сэнгүр горхинд хүрч ирээд хуримын бэлэг хар булган дахаа өгөөд буцжээ. Тэмүүжин Бөртэ Үжинийг буулган авсны дараа, Сэнгүр горхиноос нүүж Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт бууж нутаглан бүхийд Цотан эхийн хуримын бэлэг гэж авчирсан хар булган дахыг авч, эрт өдөр эцгийн анд байсан Хэрэйд аймгийн Ван хантай уулзахаар очив. Тэгээд Туул голын гүн хар шугуйд нутаглаж байсан. Ван хантай уулзаад Тэмүүжин: "Эцгийн минь сайн анд, Хан эцэг танд хуримын бэлгээс хар булган дахыг хүргэж ирэв" гэв. Ван хан маш баярлаж "Хар булган дахын чинь хариуд хагацсан улсыг чинь хамтатгаж өгье" гэв. Тэмүүжин Ван ханы дэргэдээс буцаж ирээд даан их удаагүй байтал нэгэн өглөө шар гэгээ орохын үеэр, Өүлэн гэрт зарагдаж байсан Хуагчин эмгэн: "Эх эх түргэн бос. Газар дэлбэрэх мэт морины төвөргөөн сонсогдож байна. Аймшигт тайчууд айсуй магад" гэв. Өүлэн эх "Хүүхдийг түргэн сэрээхтүн" гээд сандран босож, олон хөвгүүддээ тус бүр нэг морь унуулаад үүрийн харанхуйгаар Бурхан Халдуны зүг дутаалгав. Гагцхүү Бөртэ Үжин болон Хуагчин эмгэнд морь үгүй үлджээ. Тийнхүү Хуагчин эмгэн Бөртэ Үжинийг  бүхээгтэй тэргэнд нууж, бөөр алаг үхэр хөллөн Түнхлэг горхи өөд явав. Бүрий барай үүр цайж байтал өөдөөс нь цэргийн хүмүүс хатируулан ирж: Чи юун хүн бэ?" гэж асуусанд Хуагчин эмгэн: "Би бол Тэмүүжиний гэрийн хүн билээ, их гэрт хонь хайчлахаар ирээд буцаж байна" гэв. Тэд: "Гэр чинь хаана байгаа вэ? Тэмүүжин гэртээ байгаа юу? гэсэнд Хуагчин эмгэн: "гэр харин ойр байна". Тэмүүжин гэртээ байх эсэхийг мэдэхгүй. Би хойд гэрээс гарч ирлээ" гэв. Тэдгээр цэргүүд хууртан явсны дараа, Хуагчин эмгэн бөөр алаг үхэрээ гуядаж яаравчлан явж байтал тэрэгний тэнхлэг нь хугарав. Энэ үед морин цэргүүд давхиж ирээд: "Энэ тэргэн дотор юу байгаа вэ? гэж асуусанд Хуагчин эмгэн: "Ноос буй" гэв. Тэдгээр цэргийн ахмад нь: "Дүү нар бууж үзэгтүн!" гэж хэлээд нэгжүүлсэнд тэргэн дотор хатан хүн (Бөртэ Үжин) сууж байв. Түүнийг чирч гаргаад Хуагчин эмгэн хоёуланг нь сундалж гэртээ харив. Энэхүү довтолсон цэргүүд бол гурван мэргэд байсан ажээ. Тэд нар Есүхэй баатар урьд их Чилэдүгээс Өүлэн эхийг булааж авсны өсийг нэхэхээр ирсэн ажээ. Тийнхүү гурван мэргэдийнхэн Бөртэ Үжинг булааж аваачаад их Чилэдүгийн дүү Чилгэр бөхөд өгөв. 1179 онд Тэмүүжин, Хасар, Бэлгүдэй гурвуулаа Ван ханыг эрж очоод: "Гурван мэргэд шөнөөр гэнэдүүлэн дайрч гэргийг минь булааж авчив. Сайн хан эцэг минь авчран гаргаж өгнө үү?" гэж гуйв. Ван хан: "Хар булган дахын чинь хариуд хагацсан улсыг чинь хамтатгаж өгье! гэж урьд би хэлсэн биш үү?! Одоо би тэр үгэндээ хүрч, бүгд мэргэдийг бүрэлгэн довтолж Бөртэ Үжинг чинь буцааж өгье! гэж Чи Жамух дүүд хэл өг!. Би эндээс 2 түмэн цэрэг авч баруун гар болон мордоё. Тэр 2 түмэн цэрэг авч зүн гар болон морилог"гэв. Тэмүүжин Ван хан Жамух 3 болзсон ёсоор тус тусын цэргээ авч тогтсон газартаа уулзаад Хилагу мөрөн хүрч сал уяж гэтлээд Буур хээрт ирж унтаагаар дарах гэж байтал Хилагу мөрөнд ан хийж байсан загасчин, булгачин, гөрөөчин "Дайсан айсуй" гэж шөнө дөлөөр чимээ хүргэсэн тул гурван мэргэдийнхэн Сэлэнгэ мөрнийг уруудаж зугтан буруулав. Тэмүүжин дүрвэж яваа хүмүүсийн дундуур "Бөртэ!Бөртэ!" гэж дуудан явахад Бөртэ Үжин Тэмүүжиний дууг сонсон таньж тэргэнээсээ буугаад хүрч ирж тэврэлдэн золголдов. Түүний хойно Тэмүүжин Жамух хоёулаа нэг жил хагас хамт сууж, зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр нүүв. Тэмүүжин Жамух хоёр нүүдлийн өмнө явж байхад Жамух: "Тэмүүжин андаа! Ууланд шахаж бууя. Адуучинд гэр болтугай, голд шахан бууя, хоньчин хоол болтугай!" гэв. Тэмүүжин энэ үгийг ойлгож ядан сэм хоцроод Өүлэн эхээс асуусанд, Өүлэн эхийг дуугарахаас өмнө Бөртэ Үжин: "Жамух анд амархан уйддаг зантай гэдэг билээ. Одоо биднээс хагацан салах цаг болов. Бид бүү бууя. Энэ хөдөлснөөрөө шөнө туж явж шулуухан салалцье" гэв. Тэмүүжин Бөртэ Үжиний үгийг зөвшөөрч буусангүйгээр шөнө явж Жамухаас салж билээ. Тэгээд гэгээ орох үеэр үзэхэд Жалайр, Дархад, Чашигуд, Баяд, Баролас, Арлад, Мангуд, Бэсүд, Сүлдүс, Хонхотан, Олхонууд, Дөрвөд, Ихирэс, Горлос, Багарин зэрэг аймаг угсааны олон арван хүмүүс Жамухаас салж, Тэмүүжинийг дагаж ирсэн байв. Түүнчлэн Тэмүүжиний хүчин ихээр нэмэгдээд 1189 онд анх удаа "Хамаг Монгол улсын хаан"-аар өргөмжлөгдсөн юм. 1210 онд Хонхотны Мэнлиг эцгийн долоон хөвгүүний дундэх нь Хөхөчү бөх, Тэв Тэнгэр, Хасарыг бариад элбэж занчив. Хасар долоон Хонхотонд занчигдав хэмээн Чингис хаанд сонсгоход, Чингис хаан хилэгнэж байсан тул Хасарыг загнаж: "Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү чи. Яагаад дийлэгдэв? гэсэнд Хасар нулимс унаган босоод гарав. Түүний хойно 9 хэлтэн "Хамаг" улс Тэв тэнгэрийн дэргэд цуглан очсон бөгөөд Чингис хаан Отчигин ноёны агтны хорооноос ч олон хүн Тэв тэнгэрийн тэнд очиж захирагдав. Отчигин ноён харъяат иргэдээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээсэнд Тэв тэнгэр: "Отчигин их элч илгээх болсон аж" гээд элч Сохорыг зодож эмээлийг нь үүрүүлэн явган буцаав. Маргааш нь Отчигин ноён өөрөө Тэв тэнгэрийнд очиж: "Элч Сохорыг илгээсэнд зодоод явган буцаав. Одоо би өөрөө иргэнээ аваачихаар ирэв" гэжээ. Отчигин ноёныг энд тэндээс хааж долоон Хонхотон: "Элч Сохорыг илгээдэг чинь зөв үү?" гэж барьж зодохыг завдсанд Отчигин ноён айж: "Элч илгээсэн минь буруу болжээ" гэв. Хонхотны долоон хөвгүүд: "Буруугаа мэдсэн бол наминчлан сөгд!" хэмээн Отчигин ноёныг Тэв тэнгэрийн хойноос сөгдөөжээ. Ингээд Отчигин ноён авч чадсангүй буцаж, маргааш өглөө нь Чингис хааныг босоогүй байхад уйлан сөгдөж "Би харъяат иргэнээ авахаар очсонд Хонхотоны долоон хөвгүүд намайг энд тэндээс хааж, тулган бурууг хүлээлгэн, Тэв тэнгэрийн хойноос сөгдүүлэв" гээд мэгшин уйлав. Чингис хааныг үл хэлэхээс өмнө Бөртэ Үжин орон дотроо өндийн сууж хөнжлийн захаар өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж нулимс унаган: "Хонхотон нар яасан хэцүү хүмүүс билээ. Урьд Хасарыг бүслэн занчсан юм. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв? Энэ ямар ёс вэ? Чамайг амьд сэрүүн байхад ойн нарс шиг олон сайхан дүү нарыг чинь илт дарлаж байна. Үүнээс хойш, үүл мэт биеийг чинь үгүй болж одвол, үлдсэн их улсыг чинь, үр хүүхдээр чинь мэдүүлэх үү? Дүү нараа ингэж дарлуулахыг үзсээр”байгаад зүгээр өнгөрүүлэх үү чи?" гээд нулимс цувуулав. Бөртэ Үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан "Тэв тэнгэр одоо ирнэ, өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд" гэж Отчигинд хэлэв. Ингээд Отчигин ноён гурван аварга хүчит бөхийг бэлтгэж үүдний гадна зогсоов. Отчигин ноён босож ирээд: "Өчигдөр чи намайг наминчлуулсан биш бил үү? Одоо хүчээ үзье" гэв. Тэв тэнгэрийн дээлний захаас барьж үүд тийш чирэв. Отчигин Тэв тэнгэрийг босгон дээгүүр чирч гаргахад урьд бэлтгэгдсэн гурван бөх угтаж, Тэв тэнгэрийн нурууг нь хугалаад нугаслан алав. Үүнээс хойш Хонхотоны хөвгүүд номхорсон бөгөөд бусад буруу санаатан ч ёс бусаар аашлахгүй болжээ. Тэр үеийн бөө мөргөл нь Чингис хааныг багтаасан бүх Монголчуудын оюун санааг чанга хүлээслэж байсан тул Бөртэ Үжин сануулаагүй бол Чингис хаан Тэв Тэнгэрийг цөслүүлэх зориг шулуудаж чадахгүй байж мэдэх юм. Бөртэ Үжинээс Зүчи, Өгөөдэй, Цагаадай, Тулуй зэрэг Монголын түүхнээ алдар цуутай дөрвөн хөвгүүн ба Хожин Бэх, Цэцэхэн, Алаха Бэхи, Тэмүлэн, Алалтан Бэх гэдэг 5 охин төржээ. Бөртэ Үжинийг нас барсны сүүлээр 1265 он буюу Хубилай сэцэн хааны Ди Юаны 2-р онд "Богдын түшээ гэгээн ивээлт хатан" гэдэг цолыг нэхэмжлэн өргөмжилсөн юм.  

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...