Saturday, May 4, 2013

Дөчин дөрвөн хоёр



Дөчин дөрвөн хоёр
Юан гүрнийг эсэргүүцсэн бослого удаа дараалан гарсаар босогчид 1368 онд Бээжинг эзлэн Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдөн Юан гүрэн үндсэндээ мөхөв. Умар тийш хөөгдсөн монголчууд умарт Юан улсыг Цагаан хэрмээс нааших нутагт сэргээхийг оролдсон боловч Мин улсын цэрэгт цохигдсон билээ.
Юан гүрний дараа Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс урагшлаад Цагаан хэрэм хүртэлх нутагт нутаглаж байв. Тэд тус тусдаа бие даасан тархай бутархай ханлиг, ванлиг маягтай байсан. Энэ зурвас үеийг монголын түүхэнд бага хаадын үе хэмээн нэрлэдэг. Юаны дараа Чингисийн үеийн дөчин түмнээс баруун гарын гурав, зүүн гарын гурван түмэн үлдсэн хийгээд мөн ойрадын дөрвөн түмэн байлаа. Ийм учраас Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад гэх үг гарсан нь магадтай. Энэ үед монголыг дахин нэгтгэсэн хүн бол Батмөнх даян хаан юм. Түүний өмнөх Мандуул хаан угсаа залгамжлах нуган хөвүүнгүй нас барсан тул 33 настай бага хатан Мандухай нь 7 настай Батмөнхтэй ураглаж, түүний нэрэн дор монголчуудыг нэгтгэсэн билээ. Ийнхүү улсыг нэгтгэсэн хатныг түүхэнд Мандухай цэцэн хатан хэмээн хүндэтгэн дурсдаг төдийгүй монголчуудын дунд үлгэр домог болон үлджээ. Батмөнх даян хааныг тэнгэрт хальсаны дараа монгол орон дахин хэд хэдэн эзэмшил болон хуваагдав. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз монгол нутгийн төвд эцгийнхээ язгуурын улсыг залгамжлан, халхын засаг ноёдын өвөг нь болжээ. Халх монголчууд хэмээхийн халх гэдэг үгийг эрдэмтэд голчлон "халхавч" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Гэрсэнз халхыг долоон хөвгүүндээ хувааж өгснөөр халхын долоон хошуу үүсэв. Халхад тус тусдаа эзэмшил бүхий Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан гэсэн цол бүхий гурван хан зэрэг шахам бий болсон нь 1580-аад оны дунд үед холбогдоно. Даян хааныг залгамжлагчдын дотор Баруун түмнийг толгойлогч Алтан хан (1507-1582) ихэд алдартай байв. Түмэдийн Алтан хан говиос урагш, Цагаан хэрмээс хойшхи уудам нутгийг захирч байсан бөгөөд шарын шашин дэлгэрүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн. Түмэдийн Алтан хан одоогийн Хөх хотыг үүсгэн байгуулсан нь Түмэдийн эдийн засагт ихээхэн ахиц гарсаныг илтгэдэг.

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...